Нүүдэл

Tushigt
3 min readJul 8, 2022

--

Сүүлийн таван жил цөөнгүй нүүжээ. Улс, хот, дүүрэг хооронд гээд орон зай, цаг хугацаагаараа ялгаатай олон нүүдэл тохиож. Бага байхад бүр ч олон удаа нүүдэг байсан. Гэхдээ дөрвөн хананы дунд биш уудам талын нэг хязгаараас нөгөө хязгаар руу таван хошуу малаа дагаад нүүнэ. Заримдаа хэдхэн цагийн зайтай газар луу нүүж, бууриа сэлгэнэ. Харин заримдаа хоногоор явж байж хүрэх газар луу нүүнэ.

Хаашаа нүүхээс үл хамаарч гэр буулгах тун зугаатай үйл явдал байв. Эхлээд гадна бүслүүрээ суллана. Хэрэв гэрийн хаяаг манасан байвал манаасны шороог хөндийлөх хэрэгтэй болно. Энэ шороонд сохор, хулганаас эхлээд олон төрлийн амьтдын оромж байдаг. Хулгана гараад ирвэл гөлгөн нохойнууд араас нь тууж, хөгшин хэд нь залхсан аятай сүүдэр бараадаг хэвтэж байдаг сан. Хаяаны манаасаа буулгаж дуусаад бүрээс, эсгий, туурга гээд улирлаас хамаараад өөрчлөгддөг давхаргуудыг хуулна. Ингэж явсаар гэрийн хана, унь буюу модон араг яс нь үлддэг. Буулгасны дараа ачих, шинэ газраа очоод барих ч гэсэн бичигдээгүй олон дүрэмтэй.

Ийм олон үйл явдлыг нүүдэлчид хурдан бөгөөд шалмаг хийж чаддаг. Энэ нь үргэлж нүүж байхаа мэддэг учир бэлтгэлтэй, эд хогшлын хувьд авсаархан, зөвхөн чухал зүйлсээ хадгалдагтай нь холбоотой байх. Ер нь ч тэгээд нүүхдээ мэргэжлийн болохоор нь нүүдэлчид гэж нэрлэсэн байлгүй.

Дээр өгүүлсэн нүүдэл биднийг бие махбодын хувьд нэг газраас нөгөөд хүргэдэг. Гэхдээ үүнээс өөр төрлийн нүүдэл бий. Тэр нь оюун санааны нүүдэл. Хүүхэд нас дуусаад том хүн болж эхлэх үед бие махбодын нүүдлээс илүү оюун санааны нүүдэл чухал санагдана. Учир нь бид өөрсдөө ч анзааралгүйгээр өдөр бүр оюун санааны нүүдэл хийсээр байдаг. Бүх зүйл өөрчлөгдөх нь ертөнцөд оршдог цор ганц тогтмол хууль гэдэг. Тэгвэл тэрхүү өөрчлөлт л миний бичээд байгаа нүүдэл юм.

Гэр бүлээрээ хотод нүүж ирснийхээ дараа хотын айлууд хэрэгтэй, хэрэггүй маш их эд хогшилтой болдгийг ойлгосон юм. Нүд ирмэхийн зуур бүгдийг буулгаж, баглаад нүүчихдэг байсан өнөөх айл, хотод шилжиж ирээд дааж давахгүй их зүйлстэй болжээ. Сүүлд нүүхдээ тэр их эд хогшил, хэрэгтэй, хэрэггүй зүйлс нүүхэд ямар тээртэйг анзаарсан юм.

Амьдралынхаа хагасыг өнгөрүүлдэг гэрт хэдхэн жилийн дотор ийм их эд зүйлс цуглардаг бол бүх цаг хугацаагаа өнгөрүүлдэг оюун санаанд маань онцын шаардлагагүй ямар их бодол, дурсамж, эргэлзээ, айдас цугларсан бол?

Бид оюун санаагаа яаж цэгцлэх, хэцүү дурсамжийнхаа учрыг олох, таагүй бодлоо удирдаж сурах талаар тэр болгон нээлттэй яриад байдаггүй. Тийм ч учраас ихэнх хүн гаднаа инээж байлаа ч сэтгэлийн гүндээ тоймгүй хүнд ачаатай, оюун санаандаа түмэн бодолтой явдаг байх. Энэ ачаа хэтрээд ирэхээр нойргүйдэх, сэтгэл санаагаар унах гээд олон сөрөг дадал бий болдог. Зарим маань бүр амиа егүүтгэхээс өөр аргагүй болтлоо их ачаа цуглуулчихсан байдаг.

Амьдрал гэх уртын урт аялалд олон янзын нүүдэл хүссэн, хүсээгүй тохионо. Тэгж л байж л бид урагшилж, маргааштай золгох учиртай. Энэ олон нүүдэлд бэлэн байхын тулд хэрэггүй зүйлсээ хаяж, таагүй бодлуудаа цэгцэлж, таалагддаггүй хүндээ баяртай гэж хэлээрэй.

Нэг л нартай өдөр илүү сайхан газар руу нүүх болтол тэрхүү сэтгэлийн ачаа тээр болдог юм байна лээ. Иймд бид яг л нүүдэлчид шиг бие махбод болон сэтгэл санааны хувьд авсаархан амьдарч, мэргэжлийн нүүдэлчид болох ёстой байх нь. Олон зүйлд санаа зовохгүй, амар амгалан, энгийн амьдрах л туйлын жаргал аж.

Сайн уу, би web3, e-sport, media гэсэн салбаруудад ажилладаг бөгөөд ажил дээрээ болон чөлөөт цагаараа олон төрлийн сэдвээр урт, богино бичвэр бичдэг. Бичиж байгаа зүйлс маань бага ч гэсэн үнэ цэнтэй санагдвал намайг бусад олон нийтийн сүлжээн дээр дагаарай. Илүү их үнэ цэн бүтээж, хүн болж төрснийхөө хэргийг гаргахын төлөө хичээх болно оо.

Фэйсбүүк: www.facebook.com/tushigterdene

Инстаграм: instagram.com/tushigterdene

Твиттер: twitter.com/tushigterdene

Медиум: https://medium.com/@tushigterdene

--

--

No responses yet